Wednesday, January 12, 2011

Эрсдэлийн удирдлагын олон улсын стандартууд



2009 оны сүүлээр Олон улсын стандартын байгууллага /ISO/ эрсдэлийн удирдлагын чиглэлээр хэд хэдэн стандартыг гаргажээ.
Эхний онцлох стандарт нь 36 нүүр бүхий ISO 31000:2009 Эрсдэлийн удирдлага – зарчим арга зүйн удирдамж (Risk management - Principles and guidelines) юм. Энэ стандартад эрсдэлийн удирдлагын зарчим, арга зүйн ерөнхий зөвлөмжийг дэлгэрэнгүй үзүүлсэн. Энэхүү стандарт нь төрийн, хувийн, олон нийтийн бүх төрлийн байгууллагууд, нийгэмлэг, холбоо, бүлэг бүр хувь хүний төвшинд хэрэглэгдэж болохыг заажээ. Аль нэг салбарын онцлог, тусгай үйл ажиллагааг зохицуулахгүй, харин эрсдэлийн удирдлагын ерөнхий зарчим, арга зүйн зөвлөмжийг тодорхойлсон цогц стандарт болжээ. Түүнчлэн ISO 31000:2009 нь байгууллагын оршин тогтнол, үйл ажиллагааны өргөн хүрээнд, ялангуяа стратеги, шийдвэр, үйл ажиллагаа, үйл явц, үүрэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, активд ашиглагдана.
ISO 31000:2009 эрсдэлийн шинж чанар, тодорхойлолт, эерэг сөрөг үр дагавраас үл шалтгаалан бүх төрлийн эрсдэлд хэрэглэгдэнэ. Гэвч энэ стандарт нь эрсдэлийн удирдлагын зөвлөмжийг ерөнхий байдлаар агуулж байгаа боловч байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгдсэн үйл ажиллагааны дэс дарааллыг тогтоох, эрсдэлийн үнэлгээний аргазүйгээр хангах хэрэгсэл болж чадахгүй юм. Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, үзэл баримтлал боловсруулахдаа байгууллагын байнга өөрчлөгддөг хэрэгцээ, зорилго, зорилтууд ба онцлог, гадаад дотоод орчны онцлог, түүнчлэн стратеги, шийдвэр, үйл ажиллагаа, үйл явц, үүрэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, актив, туршлага зэрэг онцлог талуудыг анхааралдаа авах хэрэгтэй байдаг.
Энэхүү стандарт нь эрсдэлийн удирдлагын одоогийн ба ирээдүйн стандартуудын уялдаа, холбоо харилцаанд зориулагдсан. Тусгай салбар, тэдгээрийн онцлогт тохирсон эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд энэхүү стандарт нь зориулагдаагүй. Мөн энэ стандартыг сертификацжуулалтын зорилгоор ашиглаж болохгүй.
Энэ стандарттай зэрэгцэн хоёр стандарт батлагдсан.
Нэгдүгээрх нь 2002 оны хэвлэлийг орлож гарсан ISO Удирдамж 73:2009 “Эрсдэлийн удирдлага – Нэр томьёоны тайлбар толь” (ISO Guide 73:2009 Risk management – Vocabulary). Энэхүү стандарт нь эрсдэлийн удирдлагатай холбоотой тодорхойлолт нэр томьёог дэлгэрэнгүй тайлбарласан. Эрсдэлийн удирдлагын нэр томьёоны санг өргөжүүлж олон талт ойлголтуудыг нэгтгэх, цаашид эрсдэлийн удирдлагатай холбоотой шинээр үүссэн олон практикт өөрчлөгдөж болох нэр томьёоны өөрчлөлтүүдийг тусгах зорилготой.
Энэхүү стандарт нь дараах этгээдүүдэд зориулагдсан:
•эрсдэлийн удирдлагад оролцож буй этгээдүүд,
•эрсдэлийн удирдлагын стандартын боловсруулах зөвлөл, ИСО, ЦТЗ-д ажиллаж буй этгээдүүдэд,
•эрсдэлийн удирдлагатай холбоотой салбарын, үндэсний стандарт боловсруулагчид
Хоёрдугаарх нь ISO/IEC 31010:2009 “Эрсдэлийн удирдлага – эрсдэлийн үнэлгээний арга зүй” (Risk management - Risk assessment techniques) стандарт юм.
Товчхондоо энэ нь ИСО 31000:2009-ийг дэмжсэн хавсрага стандарт юм. Эрсдэлийн үнэлгээтэй холбоотой системтэй арга зүйг хэрэглэх, сонгох зөвлөмжийг агуулсан. Норматив хэрэглээ, гэрээ хэлэлцээр, баталгаажуулалтад зориулагдаагүй болно.
Эх сурвалж:
ОУСБ-ийн цахим хуудас
http://www.iso.org/iso/iso_catalogue/catalogue_tc/catalogue_detail.htm?csnumber=43170
http://www.iso.org/iso/iso_catalogue/catalogue_tc/catalogue_detail.htm?csnumber=44651
http://www.iso.org/iso/iso_catalogue/catalogue_tc/catalogue_detail.htm?csnumber=51073

No comments:

Post a Comment